Жирэмсний үед жингээ хэрхэн “зөв нэмэх” вэ?

Хүүхэд төрүүлэх гэж л байгаа бол жин нэмэх нь тодорхой. Энэ бол зугтаж болшгүй үнэн. Гэхдээ үнэндээ жин нэмэгдэж байна гэдэг бол таны хүүхэд хэвлий дотроо өсөж том болж байгаа, сахиусан тэнгэрээ гар дээрээ хүлээн авах хугацаа чинь ойртож байгаагийн л дохио учраас талархан хүлээж авах нь зүйтэй. Хөл хүнд болохоосоо өмнө илүүдэл жинтэй байсан эмэгтэйчүүдэд ч эмч нар хоолны дэглэм барихыг зөвлөдөггүй. Учир нь ингэх нь урагт шаардлагатай шим тэжээлийг хүргэж чадахгүйд хүргэдэг.

Гэхдээ чиний жирэмсний үеийн хооллолт тэжээллэг, эрүүл хүнсээс бүрдсэн байх ёстой ба, их идэх нь хэвийн үзэгдэл гээд хэдэн кг хэрэгцээгүй жин нэмж болохгүй. Жирэмсний үедээ хэт их таргалвал чихрийн шижин өвчин тусах магадлалтай ба энэ нь төрөлтийн явцад хүндрэл учруулдаг. Мөн хүүхдийн эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй. Хэрэгцээгүй жин ихтэй эмэгтэйчүүдээс төрсөн хүүхдүүд том болсон хойноо ч тарган махлаг хэвээрээ байх нь элбэг. Мөн астма, элдэв харшил, зүрхний өвчин, чихрийн шижин тусах магадлал нь илүү өндөр байдаг аж. Угаас төрөхийн өмнөх 9 сар бол хүүхдийн ирээдүйн амьдралын эрүүл мэндийн нөхцлүүдийг бүрэлдүүлэхэд хамгийн их анхаарах ёстой хугацаа юм.

Өмнө нь гуалиг байсан мөртлөө төрсний дараа таргалсан хэмээн гомдоллодог бүсгүйчүүд нь жирэмсэн үедээ буруу хооллосон байх магадлал өндөртэй. Дунджаар жирэмснийхээ явцад 12 кг нэмсэн үед, эргээд хэвийн жиндээ ороход тийм ч их асуудал байдаггүй. Нэмж болох жин чинь чиний биеийн өндөр, жирэмсний өмнөх үеийн жин зэрэгтэй хамаарч хэлбэлзэж болох юм. Гэхдээ хоолоо хасахыг ямар ч жирэмсэн бүсгүйд зөвлөхгүй. Харин зөв хооллож, “зөв жин нэмэх”-ийн тулд дараах зүйлсийг санаж яваарай:

  1. Сахарын агууламж ихтэй ундаа, жимсний шүүс, цай, энергийн ундаанаас татгалз. Хэрэв чихэр ихтэй шүүс уух гэж байгаа бол 50 хувийг нь устай хольж уу. Мөн байгалийн бус будагтай хийжүүлсэн ундааг бүү уугаарай. Үүний оронд хэрчим нимбэгтэй ус уж болно.
  2. Бүх төрлийн түргэн хоолноос татгалз. Тэд өөх тос болон элсэн чихэр, калори ихтэй мөртлөө тэжээллэг чанар муутай. Тиймээс хоол болж чадахгүй мөртлөө хэрэгцээгүй жинг нэмнэ.
  3. Хэт их нүүрс ус идэхээс болгоомжил. Хэрэв чиний хооллох горимын ихэнх хувийг нүүрс ус ихтэй бүтээгдэхүүн эзэлж байвал тэд нэг их шим тэжээл өгөхгүйгээр, жин нэмээд байж болзошгүй. Уураг ихтэй өглөөний цай уугаад, багахан хэмжээний нүүрс ус /бүхэл үрийн кекс, эсвэл шарсан талх/-аар хачирлаарай. Гоймон ихтэй хоолны оронд ногоо ихтэй хоолыг гоймонгоор хачирлаарай.
  4. Хэрэв чиний чихэрлэг юмны дуршил ихэссэн бол тослог багатай таргийг жимстэй хольж идэж болох юм. Торт, жигнэмэг, зайрмагны оронд энэ нь илүү тэжээллэг бөгөөд жин нэмэхгүй.
  5. Өөрийнхөө хоолны хэмжээг урвуу болгож идээд үз. Оройн хоолонд иддэг шигээ хоолыг өглөөний хоолонд хэрэглэж, дундаж хэмжээний өдрийн хоол, оройн хоолонд өндөг, жимс жимсгэнэ зэрэг хөнгөн маягийн хүнс хэрэглэнэ гэсэн үг юм.
  6. Хоёр хүнд зориулж хооллохоо боль. Зарим жирэмсэн бүсгүйчүүд хоёр хүний порцоор хооллох гээд байдаг талтай. Энэ нь буруу бөгөөд тохиромжгүй юм. Жирэмсний 3 сараас эхлүүлэн эх өдөрт нэмэлт 350-450 калори авч байх л хэрэгтэй болдог.
  7. “Чанаргүй калори”-оос татгалз. Үүнд чипс, давсалсан самар зэрэг зуушнууд орно. Үүний оронд төрөл бүрийн самраар амныхаа зугааг гарга.
  8. Хөдөлгөөн хий. Нохойгоо салхилуулж, өглөөдөө хөнгөн гүйж, аеробикийн төрлүүдээр хичээллэх нь жирэмсэн эхчүүдийн өдөр тутмын хуваарьт зайлшгүй байх ёстой зүйлс. Мөн байгальд тогтмол гарч, йогийн хөнгөн позуудыг давтаж, стресснээс гарахын тулд намуухан хөгжим сонс.
  9. Хооллолтоо төлөвлө. Жирэмсэн бүсгүйчүүд өлсмөгцөө “хөргөгч”-нөөс хариуг нь хайдаг. Эмчийн зааврын дагуу хоолны төлөвлөгөөтэй болсноор өлссөн үедээ юу юу идэж болохоо мэддэг болно. Мэдээж эрт үеийн жирэмслэлттэй эхчүүдийн хувьд дуртай байсан хоолондоо дургүй боло, өглөө эрт дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүдээс болоод хоолоо төлөвлөнө гэдэг хэцүү санагдаж магадгүй. Гэхдээ ерөнхий хоолнуудынхаа жагсаалтыг гаргаад авчихвал ходоодоо хэрэггүй зүйлсээр дүүргэхээс сэргийлнэ.
  10. Бага хэмжээгээр олон ид. Цөөн удаа ихээр хооллосноос олон удаа бага хэмжээгээр хооллох нь жирэмсэн эхчүүдийн хувьд илүү тустай. Тэгвэл чиний бие, (болон, мэдээж чиний бяцхан үр) шим тэжээлийг тогтмол нэг хэмтэйгээр хүлээж авах болно. Мөн цусны чинь сахарын хэмжээ тогтвортой байхад нэмэртэй тул толгой эргэх, дотор муухайрахаас ч сэргийлнэ. Гэхдээ бага хэмжээгээр хооллохдоо бүтээгдэхүүнээ зөв сонгоорой (хөөсөн боовноос алим нь дээр шүү). Дэглэмдээ аль болох олон төрлийн, олон янзын агууламжтай хүнс оруулж өг.

Холбоотой нийтлэл: 

Жирэмсний үед цагаан мах эргэхээс хэрхэн сэргийлэх вэ?

Жирэмсэн эхчүүдэд өгөх 24 чухал зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published.

Хуваалцах

Холбоос хуулах

Хуулах