Мацаг барих арга

Мацаг барих гэж юу вэ

Эрүүл байхын нэг үндэс нь зөв хооллолтын дэглэм баримтлах явдал юм. Зөв хооллолтын дэглэмд хамаарах нэг зүйл бол мацаг барих буюу хоол сойх ёс билээ.Мацаг гэдэг нь ямар нэг шалтгаанаар хоол идэх эсвэл ус уухаас тодорхой хэмжээгээр юм уу бүрэн татгалзах гэсэн ойлголтыг илэрхийлнэ.

Өөрөөр хэлбэл бие организмыг цэвэршүүлэх, өвчнөөс ангижрах, оюун ухаанаа төгөлдөржүүлэх зорилгоор хүн ямар нэг хоолноос, зарим тохиолдолд уснаас татгалзах сайн дурын үйлдэл юм.

Эрт дээр үеэс манай монголчууд билгийн тооллын 8, 15, 25, 30-ны дүйчэн өдрүүдэд бие, хэл, сэтгэлээрээ буян номын үйлд шамдаж, махан хоолыг тэвчиж, цагаан хоол идэж мацаг барих уламжлал тогтсон билээ.Мацаг нь бие махбодын байгалын цэвэршилтийн процесс бөгөөд эрт үеийн мэргэд ухаантнууд тогтмол мацаг барьдаг байсан, ингэхдээ дан ганц эрүүл байхын тулд ч биш, сэтгэхүй, оюун санааны өндөрлөгт хүрэх зорилготой байжээ.

Тэд тодорхой хугацаанд хоол ундыг тэвчин зогсоох нь бие махбодыг өөрөөр нь цэвэршүүлж, хуримтлагдсан хор хаягдлыг хөөж гаргаснаар хоол боловсруулахад зарцуулагдах их энерги гүн бясалгал мэтийн оюуны үйлдэл хийхэд тархинд үйлчилдэг гэдэгт бат итгэлтэй байсныг эх сурвалжид тэмдэглэж үлдээсэн байдаг. Монголчуудын хувьд ч мацаг барих нарийн дэг журамтай, биеийг хорт бодисоос цэвэрлэх хэвшсэн арга байжээ.Ялангуяа урьдын цагт лам нар махан хоолыг тэвчиж, тодорхой хугацаанд “мацаг барих” сахилтай байсан бөгөөд монголчууд мах ерөөс иддэггүй хүнийг “мацагтай хүн” гэж нэрлэдэг байв. Цагаан хоол идэх өдрийг мацаг өдөр гэж нэрлэж заншжээ.

Ер нь лам хувраг хүн дандаа ном үзэж байдаг, хий их голлосон ажил хийдэг, их суудлын, хөдөлгөөн багатай байдаг учраас илчлэг өндөр хүнд хоолны шаардлага байхгүй аль болохоор сэргэг, хөнгөн байх үүднээс хоолоо хүртэл ингэж ухаалгаар зохицуулдаг байжээ.Ийм учраас өдрийн турш бичиг цаастай ажилладаг номын хүмүүс, эрдэм ном сурахаар хичээнгүйлэн зүтгэж буй оюутнууд, зөөлөн суудалтай машин барин өдөржин явдаг болон компьютерийн ард удаан сууж ажиллах шаардлагатай хөдөлгөөн багатай байдаг хүмүүс лам нарын энэхүү ухаалаг ёсноос хэрхэн зөв мацаг барих талаар зөвлөгөө авах нь чухал.

Мацаг барихыг хэт олон хоног үргэлжлүүлвэл сөрөг нөлөөтэй. Хоёр буюу түүнээс дээш хоногоор мацаг баривал тухайн хүний даралт нь унах, толгой эргэх, ухаан алдаж унах болон өөрт хэрэгтэй эрдэс бодисын дутагдалд орж биед сөргөөр нөлөөлдөг.Хүндэвтэр хэлбэрийн зүрх судас, бөөрний болон элэгний дутагдлын үед мөн ходоодны шархтай хүмүүст мацаг барихыг хориглодог. Хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүд мацаг барих хэрэггүй.

Мацаг барьдаг хүмүүс мацагийн өдрүүдэд ухаан санаа нь тод ойлгомжтой байж эрч хүч, эрүүл байдлыг мэдэрдэг. Харин эхний удаад бие махбодь чинь хэт нэвчсэн хорыг гадагшлуулж эхэлж буй учраас таныг нэлээд сульдааж болно. Чухам энэ бол мацаг үйлчилж буйн шинж. Нөгөө талаар бие махбодид удаан хугацаагаар тагларсан хортой хаягдлууд нь гадагшлан ялгарахад бэлэн болж буй нь тэр юм байна.Мацгийн үед ходоод, нарийн гэдсэнд хуримтлагдсан нян, хог хаягдлууд хэлээр дамжин гардаг нь гадагшилж байгаа процесс бол цэвэршилтийн нэг үзүүлэлт юм. Энэ үед хэлээ маш сайн хусаж хорыг цэвэрлэх хэрэгтэй.

Мацгийн үед цэвэр агаарт явж цэнгэг агаарыг гүнзгий амьсгалж, бие махбодын дасгалыг идэвхтэй хийж байвал цусны эргэлтийг идэвхжүүлж хог шаарыг түргэн цэвэрлэж хөөхөд ач холбогдолтой.

Сондгой тоотой өдөр мацаг бариарай
Буян хураахаас гадна эрүүлжихийн тулд мацаг бариарай. Ходоод хоосон байлаа ч гаднаас олдсон энергийг “идэж” байдаг аж. Өлсгөлөн үед бие дэх нянгуудыг эсүүд идэж эхэлдэг байна. Хүний ходоодны ханан дахь тэмтрүүл шим тэжээлийг сорж байдаг. Мах иддэг хүний ходоод мөлгөр болж өнгөр тогтдог. Тиймээс мацаг бариад эхлэхэд ходоодны ханан дахь өнгөр арилж, цэвэршдэг гэж хоолны мэргэжилтнүүд ярьж байна. Илүүдэл жинтэй хүмүүсийн ихэнх нь өвчлөмтгий, архаг хууч өвчтэй байдаг. Тарган хүн өөрийгөө эрүүл, өөдрөгөөр төсөөлж чаддаггүй. 
Хэрэв мацаг барихаар шийдсэн бол эхлээд хагас өдрийн мацаг бариад үз. Ингэхийн тулд ходоод гэдсээ маш хөнгөн байлгах хэрэгтэй 
-2-3 хоногийн өмнөөс халуун хоол идэхээс татгалзаарай. Тэгэхэд ходоод агшина.
-Сэтгэлзүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү
-Сарын шинэдээр мацагаа эхлээрэй. Мацагийг 3, 5, 7 хоног буюу сондгой тоотой хоногийг сонгоорой.

Мацаг тайлах нь мацаг барихаас хэцүү
24 цаг мацаг барьж болно. Энэ нь өдрийн хоолноос маргааш өдрийн хоол эсвэл оройн хоолноос маргааш оройн хоол хүртэл үргэлжилнэ. Энэ хооронд ямар нэг хоол хүнс болон жимс, ногооны шүүснээс татгалзах хэрэгтэй. Мацаг барихдаа нэрмэл ус л ууна. Үүнийг бүрэн мацаг барилт гэнэ. Өмнө нь мацаг барьж үзээгүй бол эхний удаад тараг уух, жимс ногоо идэх мэтээр хөнгөн чанарын хүнс бага зэрэг хэрэглэж болно.

Мацагаа хөдөлгөөнтэй хослуулвал гайхалтай үр дүнд хүрнэ. Гэхдээ өөртөө хэт их ачаалал өгөх хэрэггүй, алхах, хөнгөн дасгал хийх зэргээр биеийнхээ бодисын солилцооны өөрчлөлтийг дэмжиж өгөх хэрэгтэй. 24 цагийн мацаг барих тохиолдолд ганц л зүйлийг зөвшөөрдөг. 
Аяга усанд цайны халбаганы гуравны нэг хэмжээтэй зөгийн бал, эсвэл нэг халбага нимбэгний шүүс нэмж хийж болно. Эдгээр нь биен дэх хорт бодис салстуудыг уусгах нөлөөтэй. Мацаг тайлах нь мацаг барихаас ч төвөгтэй. Мацаг тайлахдаа гадил зэрэг шүлтлэг биш жимс идээрэй. Гэхдээ шууд идчихэж болохгүй. Эхлээд жимснээс бага зэргийг нухаад усанд найруулж ууна. Энэ мэтчилэн орцыг нь бага багаар нэмсээр гурав дахь өдрөөс жирийн хоолонд ороорой.Хэт их, тостой хоол идвэл таны мацаг барьсаны үр дүн юу ч үгүй болно.

Мацагийн дараахь өдөр усанд орохдоо арьсны нүх сүвүүдээр гадагшилсан хор, хог хаягдлыг цэвэрлэхийн тулд биеэ сайтар үрж угаах шаардлагатай.

Холбоотой нийтлэл: 

Гэдэс цэвэрлэх арга

Таргалалтыг хэрхэн хэмжих вэ?

Цаашдаа манай сайтаас байнга мэдээлэл авахыг хүсвэл доорх формыг бөглөөрэй

Leave a Reply

Your email address will not be published.

Хуваалцах

Холбоос хуулах

Хуулах