Намрын үс болон арьс арчилгаа

Нар улам эрт жаргаж, үүрийн гэгээ, үдшийн бүрийд сэрүү нэмэгдсээр байгаа энэ өдрүүдэд бүсгүй та арьсандаа хандуулах анхаарлаа ч бас бага зэрэг нэмэгдүлэх хэрэгтэй болно. Дараах хялбар зөвлөгөөнүүдээс өдөр тутмынхаа арьс болон үс арчилгаанд нэвтрүүлээрэй.

Чийгшүүлэх
Зуны улирал дуусмагц, гэрийн халаалт, салхи, болон хүйтэн уур амьсгалаас хамаарч бидний арьс болон үсэнд чийгшил дутагдаж, хуурайшиж эхэлдэг. Тиймээс та энэ үед арьсаа торгомсог зөөлөн, гэрэлтсэн хэвээр нь байлгахыг хүсвэл чийгшүүлэх ажиллагааг эрчимтэй өрнүүлэх хэрэгтэй. Халууны улиралд жимсний сэнгэнэсэн үнэртэй биеийн шингэн савангууд “моод”-нд ордог. Харин намар, өвлийн улиралд тэдгээр гелен савангууд нь арьсыг хуурайшуулах магадлалтай учир тохиромжгүй. Тиймээс та оронд нь тослог, шаргал өнгийн, зөгийн бал, сүү мэтийн найрлага агуулсан, зөөлөн чийгшүүлэгчтэй шингэн саван хэрэглээрэй.

Усанд орсныхоо дараа какао, кофе, ванилланы үнэртэй биеийн тос түрхэж яагаад болохгүй гэж? Тосорхог найрлага бүхэн моодонд орох цаг болсон. Шоорт, богино юбканыхээ оронд өмд өмсдөг боллоо гээд хөлнийхөө арьсанд тавих анхаарлыг бүү сулруулаарай. Тэр чигт нь орхивол дараа хавар болоход сайртсан хөлтэй болсон байх болно. Ваннд орохдоо дотор нь хэдэн дусал цэцгийн тоосны тос эсвэл жожобаны тос хийчихвэл таны стресс тайлагдаж, бие чийгшлээ олно.

Зуны турш арьсны үхмэл эд эсүүд дээр дээрээсээ давхарга үүсгэсэн байдаг тул намар цаг бол арьсаа шинэчилж, цаана нуугдаж байгаа шинэ арьсыг гаргаж ирэхэд хамгийн тохиромжтой цаг юм. Долоо хоногт нэг удаа гуужуулах бүтээгдэхүүн хэрэглэснээр таны биеийн нүх сүв онгойж, нуруу цээжээр батга гарах нөхцлийг багасган, сэтгэл санааг сэргээнэ.

Хүйтний улирал эхэлмэгц зовхины тос,  шөнийн тосны хэрэглээ ихэснэ. Унтахынхаа өмнө зовхиндоо тос түрхвэл тэр хэсгийн арьс хуурайшиж, үрчлээтэх магадлал багасна. Нүүрээ бага зэрэг нойтон хэвээр нь байлгаж байгаад, чийгшүүлэгч тосоо түрхвэл илүү үр дүнтэй. Мөн намрын улиралд уруулын арьс хатах, хагарах явдал их тохиолддог учир гоо сайхны хэрэгслийн цүнхэндээ уруулын бальзам авч явахыг зөвлөж байна. Уруулаа хэлээрээ долоохоос зайлсхийгээрэй. Мөн уруулны аль хэдийн хатаж хагарсан арьсыг шүдний сойзоор бага зэрэг үрж, унагаж болно.

Таны хумсанд ч бас чийгшил дутагдаж байгаа. Тиймээс хурдан хатдаг хумсны лакнуудаас зайлсхий. Тэдгээр нь өөрсөддөө изопропил алкоголь агуулдаг тул таны хумсыг илүү хайрслаг, хэврэг болгоно.

Намрын үс арчилгаа
Намар цагт үс унах, хагтах зэрэг элбэг тохиолддог. Эдгээрээс сэргийлэхийн тулд юун түрүүнд хуйхаа цэвэрхэн, хуурай байлгах тал дээр анхаараарай. Бохир үс бороонд норвол үс унаж, хагтах тохиолдол бий. Үсэндээ долоо хоногт нэг удаа бүлээсгэсэн тосоор массаж хий. Ер нь бороонд норсныхоо дараа үсээ тэр даруй угааж байгаарай. Борооны ус үсийг гэмтээх магадлалтай. Энэ нь үсний угийг бат бөх болгож, угнаас үзүүр хүртэл тэжээл өгнө. Намрын улиралд үсний гель, спрейг тогтмол хэрэглэх нь үсийг хагтуулж болно. Учир нь эдгээр бүтээгдэхүүний найрлага хуйханд наалдчихдаг. Гүн чийгшилийн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зуны нарнаас үүдэлтэй гэмтлийг анагааж, үсэнд эрүүл, гялалзсан өнгийг эргүүлж олгоно.

 

Санаж явах бас нэг зөвлөгөө бол үсээ байнга задгай тавих хэрэггүй. Утаат агаар болон хүйтэн салхи нь таны үсийг гэмтээж болзошгүй. Дэгжин малгай, алчуур, ороолт, үсний даруулга зүүж, эсвэл бүр боож болно шүү дээ.

Намрын улиралтай холбоотойгоор өтгөн бор, шоколадан бор болон газрын самрын шаргал зэрэг баялаг өнгөөр үсээ будах нь тохиромжтой.

 

 

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *