Нялх хүүхдээ илж таалахын ач тус

Хацрыг нь гижигдэхээр хүү маань толгойгоо эргүүлж, амаа ангайлгаж, хурууг минь барихыг оролддог. (Нэгэн ээжийн ажиглалт)

Энэ нь хүүхдэд маш чухал, төрөлхийн, эрлийн рефлекс юм. Хацрыг нь илэхээр хүүхэд толгойгоо эргүүлж, амаа ангайлгадаг нь эхийнхээ хөхийг л эрж байгаа хэрэг. Хүүхэд хорвоод мэндэлсэн яг тэр мөчөөс эхлээд, хүн хүрэхээр хариу үйлдэл хийдэг чадвар нь “сэрдэг”. Хүүхдийн арьсанд тун ч чухал чадварыг байгалиас заяажээ. Огт танихгүй шинэ хорвоод ирсэн бяцхан хүнд таныг хүрэхээр, тав тухтай, аюулгүй орчинд байна гэсэн мэдрэмж түүнд төрдөг. Түүний энхрийхэн арьс хүн аяархан хүрэх, хүрээлэх орчны температур яльгүй өөрчлөгдөхийг ч сэргэгээр мэдэрч, хариу үйлдэл хийдэг.

Шинээр төрсөн хүүхдийн биенд хөнгөхөн, зөөлөн иллэг хийх нь эрүүл мэнд болон ерөнхий хөгжилд нь тустай гэдгийг эрдэмтэд нэгэнт баталжээ. Учир нь, ийм иллэг бачимдал төрүүлдэг дааврын ялгарлын хэмжээг бууруулж, дархлааны тогтолцоог бэхжүүлж, цусны эргэлт, хоол боловсролт болон бодисын солилцоог сайжруулдаг юм. Иллэг хийхдээ зөгийн хортой тосоор иллэг хийх нь хүүхдийн өсөлт хөгжилд давхар нөлөөлж, тайвшруулах, алжаал тайлах үйлчилгээг үзүүлдэг. Мөн ханиад томуу аливаа өвчний үед зөгийн хортой тосоор хөлийн ул, гарын алга, цээж, нуруунд нь иллэг хийж өгөх нь дархлааг нэмэгдүүлэх үйлчилгээтэй байдаг. 

Эхний үед, иллэг хийхэд нүцгэн хэвтээд байх нь хүүхдэд чинь таалагдахгүй ч байж болох л юм. Яагаад тэр вэ гэвэл, түүний арьс мэдрэмж сайтай, температурын хамгийн ялихгүй өөрчлөлтийг ч соргогоор мэдэрдэг. Иймд, олон талын ашигтай энэ ажилбарт хүүхдийг алгуурхан дасгаж, тогтмол хийх ёстой энэ ажилбарыг хоёуланд чинь таашаал өгдөг ажил болгон хувиргах хэрэгтэй.

Хүүхдээ энхрийлж, түүнд иллэг хийхийг аавд нь зөвшөөр. Ингэснээр, аав хүүхэд хоёр ойртож, цаашдынх нь дотно харилцааны эх суурь тавигдах болно. Нялх хүүхдийн хараа маш сул ч, таны болон аавынхаа илэн таалах гарын ялгааг соргогоор мэдрэх болно. Энэ нь аав ээжийнхээ аль алинтай танилцаж, та хоёрын ялгааг мэдрэх боломж олгоно.

Нярай хүүхдийн уруул болон хэлэнд байрладаг мэдрэлийн төгсгөлүүд хурууных нь мэдрэлээс хавьгүй илүү хөгжсөн байдаг юм. Иймд, гарт нь бариулсан аливаа зүйлийг амандаа үмхэхээр авдаг. Тоглоомыг хөхсөнөөр, түүний хэлбэр, хэмжээ, нягтрал, амт болон температурын тухай ойлголт авч чаддаг. Нялх хүүхдийн хэл болон уруулынхаа тусламжтайгаар олж авсан мэдээлэл тархины хальсанд бусад мэдээллээс өмнө очдогийг эрдэмтэд баталжээ. Хоёр сартай хүүхэд хүртэл хэл болон уруулаа ашиглаж, аливаа юмны хэлбэр төрхийг тархиндаа маш тодорхой бүтээж чаддаг бөгөөд нүдэнд нь огт харуулаагүй юмны зургийг хүртэл хожим нь таньж байсан удаатай гэнэ! Энэ нь хүртэхүйн болон харах мэдрэмж хоорондоо шууд холбоотой, та хүүхдийнхээ хүртэхүйн мэдрэмжийг хөгжүүлэхэд анхаарал тавих ёстойг харуулж байгаа хэрэг юм. 

ЗӨВЛӨГӨӨ:

Эдгээр хялбархан дасгалууд хүүхдийн чинь өв тэгш хөгжилд туслах болно.

  1. Аль болох олон тоотой, сонирхолтой, шинэ зүйлсээр хүүхдээ хүрээл. Амандаа хийхээр нь бүү ай. Энэ бол, юмсыг танин мэдэх ердийн арга юм шүү.
  2. Хүүхдийн энэхүү онцлогийг харгалзаж, тавих зүйлсээ сайн угааж, залгиж чадахааргүй том, хурц үзүүргүй зүйлийг тавьж өгөх хэрэгтэй гэдгийг онцгой анхаарна уу.
  3. Янз бүрийн гадаргатай тоглоомыг яаж барихыг нь ажиглаарай. Барзгар, тэгш бус гадаргатай зүйлсийг маажиж, харин гөлгөр болон үслэг, сэмбэгэр тоглоомыг илэх гэх мэт.
  4. Хүүхэддээ янз бүрийн хэмжээтэй тоглоом өг. Энэ нь түүнд, тоглоомын хэмжээг үнэлж, тэднийг янз бүрээр, томыг нь хоёр гараараа, жижгийг нь нэг гараараа барихад сургана. 
  5. Тоглоомуудыг янз бүрийн зайтай тавь. Нэгдүгээрт, энэ нь түүний харааг хөгжүүлэх ач холбогдолтой, хоёрдугаарт, сониуч занг нь хөдөлгөж, тоглоом авахаар гараа сарвайхад хүргэдэг бөгөөд энэ нь хүүхдийн хөгжлийг хурдасгана.
  6. Хүүхдийнхээ хоёр гарт нь нэг нэг тоглоом бариулаад бяцхан судлаачид эрх чөлөөг нь олго. Хооронд нь хавируулж, нэгээр нь нөгөөг нь нүдэж л байг.
  7. Хийсвэр сэтгэлгээг нь хөгжүүлж, гарыг нь дүйтэй болго. Нижигнээн шуугиан уцаарыг чинь хүргэвэл, энэхүү шинэ нээлт бяцхан үрийг чинь хичнээн их бахдуулан хөөрүүлж байгаа тухай бодоод үзээрэй. 

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *