Яагаад цүнхээ хоёр талдаа ээлжилж барих ёстой вэ?

Нуруу яагаад өвддөг вэ?
Хүний бие юун дээр тогтдог вэ? Юу байгаа болоод та одоо тогтвортой зогсож байна вэ? Таны биеийг өөр дээрээ авч явдаг гол эрхтэн болох нуруу, төв мэдрэлийн систем байнга “ачаалалтай” ажилладаг. Харин хүнд юм өргөх, буруу зогсох, суух, унтах ороос шалтгаалан энэ ачаалал хэд дахин нэмэгдэж нуруунд очдог. Яагаад гэвэл та идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, биендээ шаардлагатай “амин дэм”-ийг өгдөггүй шүү дээ. Өөрөөр хэлбэл суугаа ажлыг удаан хугацаагаар хийж, компьютертэй өдөржин найзлах нь бүсэлхий, нурууны орчмын хөдөлгөөн буурч, булчин шөрмөсний уян хатан байдал сулрахад хүргэдэг байна. Яг ийм үед нь хүнд юм гэнэт өргөснөөр ачаалал ихсэж, нуруу өвдөх шалтгаан үүсдэг аж.

Нуруунд өвдөлт үүсгэдэг түгээмэл өвчний нэг нь остеохондроз буюу нугалам хоорондын зөөлөн эдийн гэмтэл юм.Уг өвчин тонгойход нуруу өвдөж, өдрийн туршид хөл хөшиж өвдөн, ханиах найтаах үед улам ч хүчтэй өвдөлт мэдрэгдэн илэрдэг аж. Харин толгойг эргүүлэх үед дагз мөрөөр удаан өвдөж байвал хүзүүний нугаламын эдүүд өөрчлөлтөнд орж, ургацаг үүсгэдэг архаг өвчний шинж байж болзошгүй. Ямар ч нөхцөлд нуруугаа удаан өвтгөөд явж болохгүй. Биеийн чинь гол тулгуур учраас яаралтай эмчид үзүүлж оношоо тодруулаарай.

Нурууны муруйлт гэж юу вэ?
Компьютерийн өмнө бөгтийж суух, нэг хөл дээрээ байнга илүү ачаалал өгч зогсох, үргэлж хүнд цүнх нэг талдаа үүрэх гэх мэтчилэн амьдралын буруу дадал хэвшлээс болоод нурууны муруйлт буюу сколиоз өвчин үүсдэг. Учир нь иймэрхүү буруу хэвшил аарцаг яс гажиж, далийхад хүргэдэг бөгөөд улмаар гол яс тэр чигээрээ муруйхад хүргэдэг байна. Анхаарал татахуйц баримт нь эрэгтэйчүүдээс эмэгтэйчүүд тусах магадлал 7 дахин их байдаг гэнэ. Нурууны аль хэсгийг хамарснаас шалтгаалан бүсэлхий нурууны сколиоз, сээр нурууны сколиоз зэргээр ангилна. Өнцөг нарийсах тусам уушиг зүрхээ дарах аюултай. Тэр тохиолдолд мэс заслын аргаар муруйг засаж, бусад хөнгөн тохиолдолд даамжруулахгүй байх зорилгоор нуруу болон хэвлийн булчинг хөгжүүлэх дасгалууд, нурууны бэхэлгээ, цахилгаанаар сэдээх зэрэг аргуудыг дангаар болон хослуулан хэрэглэдэг ажээ. Нурууны өвчтэй эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Дээш харж хэвтээд өвдөг нугалахгүйгээр хөлөө 30 градус өргөж эсвэл гараа газарт хүргэж чадахгүй байвал тухайн хүнийг нурууны өвчинтэй байна гэж үзнэ.

Нурууны өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
Нурууны бүх төрлийн өвчнөөс идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж л сэргийлэх боломжтой. Мөн оюун санаагаа тайван байлгаж, өдөр тутам хийдэг суугаа ажилдаа ч сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ширээнийхээ ард цэх сууж болох ч цагийн зайтай босож, биеэ халааж, идэвхтэй хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Долоо хоногт 2-3 удаа фитнесст явахыг яагаад эмч нар зөвлөдөг вэ гэвэл хүн идэвхтэй хөдөлгөөн хийснээр булчин, үе мөчинд тустайгаас гадна сэтгэл санааг ч тайвшруулж, өөдрөг болгодогт байгаа юм. Мөн суух, зогсохдоо ч нуруунд очих ачааллаа анзаарч байх хэрэгтэй. Долоо хоногжингоо хүнд ном дэвтэр, нөүтбүүктэй цүнхээ зөвхөн нэг талдаа барьж явахыг ч гэсэн болж өгвөл цээрлээрэй. Бүсгүйчүүд бид гарт дассанаараа цүнхээ барих дуртай ч эрүүл мэндээ бодоод хоногийн зайтай сольж барихад гэмгүй. Мөн өдөр сууж ажилласан бол гэртээ ирээд ч мөн компьютерийн ард “зоогдох” гээд хэрэггүй. Яаж ийж байгаад хийх ёстой зүйлсээ ажлын цагтаа багтааж байгаарай. Хэрвээ нуруу нь байнга өвдөж, ядрах болсон бол эмнэлэгт очиж оношлуулахыг зөвлөж байна.

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *