Ханиадыг дарах хамгийн сайн эм цэвэр агаар

Эм гэдэг химийн бодис гэдгийг бид хамгийн түрүүнд бодох ёстой. Эмийн тунг тааруулбал эмчилгээ болдог бол тун нь ихэдвэл хор, харшил, хэчнээн харамсаад барахааргүй үр нөлөөг бий болгож мэдэх юм. Тиймээс эмийг хэрэглэхийн өмнө заавал эмчийн заавраар, үгүй ядахдаа л түргэн тусламжаас лавлах, эрүүл мэндийн лавлахаас асуух хэрэгтэй. 

Ялангуяа, хүйтрэхээр хотод агаарын бохирдол улам нэмэгдэж, ханиад томуу нь эдгэрсэн хүүхдүүд дахиад л ханиад хүрэх, эдгэхгүй удах зэрэг зовиур их. Ингээд л дахиад л эмний хэрэглээгээр “бөмбөгдүүлнэ” дээ. Утаа тортог, машины угаарт хоолойгоо хорсгож, уушгиа өдөр бүр хордуулж байгаа учраас нийслэлчүүдийн хувьд өвлийн улиралд ханиаднаас сална гэдэг бүтэшгүй үлгэр. 

Нялх, нярай гэлтгүй, хүүхэд хөгшид ч ялгалгүй тэдэнд хамгийн сайн эмчилгээ бол цэвэр агаар. Уушгийг цэвэр агаар өөрөө “угаадаг” гэдгийг эмч нар ч хэлдэг. Цэвэр агаарт амьдарсан хүүхэд өвдөх нь бага, өвдсөн ч хамаагүй хөнгөн, хурдан эдгэдэг аж. Тийм болохоор эрүүл мэндээ бодож долоо хоногтоо ядаж ганц удаа ч болов агаар салхитай газар гэр бүлээрээ амарч, тухлах нь эрүүл мэнддээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм шүү. Цэвэр агаар бол ямар ч эмтэй харьцуулшгүй үр дүнтэй эмчилгээ юм.

Төстэй мэдээллүүд

Хариу бичих

Your email address will not be published. Required fields are marked *